“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын арга хэмжээ боллоо

A- A A+
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын арга хэмжээ боллоо

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг хуваарийн дагуу өнөөдөр нээж анхны нислэгийн ёслолын арга хэмжээ боллоо.

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК (НУБИЭ ХХК) нь  Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан концессын гэрээний дагуу ирэх 15 жилд шинэ нисэх буудлын менежмент, үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Нислэгийн батлагдсан хуваарийн дагуу гадаад болон дотоодын арилжааны бүх нислэгүүдийг өнөөдрөөс шинэ нисэх буудалд хүлээн авч нислэг үйлдвэрлэл явагдана.

Нээлтийн үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Кобаяши Хироюки нар үг хэлж, Зам, тээврийн хөгжлийн яамын сайд Л.Халтар , Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг, Хөшигийн Хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн гүйцэтгэхзахирал, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, дэд захирал, ЖАЙКА-ийн монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ТӨХК-ийн удирдлагууд, гадаад дотоодын авиа компаниудын төлөөлөгч нарын албаны хүмүүс оролцов.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аялалын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ.

Шинэ нисэх буудал 2020 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч COVID-19 цар тахлын улмаас хойшлогдсон. Монгол Улсын нисэхийн салбарын эрэлтэд Ковид-19 цар тахал ихээр нөлөөлж байгаа ч улс төр, эдийн засгийн үндсэн төв болох нийслэл Улаанбаатарт төвлөрсөн дунд, урт хугацааны өсөлт харагдаж буй бөгөөд ирээдүйд шинэ нисэх буудлын ач холбогдол улам нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааны билэгдэл болсон шинэ нь нисэх буудлын үйл ажиллагаандшилдэг менежмент /ноу-хау/, шинэ технологи, өөрсдийн хуримтлуулсан туршлага дээр үндэслэн шинэлэг үйлчилгээ үзүүлэхийг зорино. Түүнчлэн нислэгийн чиглэл, зорчигч урсгал, нислэгийн тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт үйлчилгээ үзүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллана.