Монгол, Японы банкууд хамтран ажиллаж байна (montsame.mn)

A- A A+
Монгол, Японы банкууд хамтран ажиллаж байна (montsame.mn)

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол-Японы хамтын ажиллагаа-50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Монголбанканд болж, хоёр орны хамтын ажиллагааны олон жишээг танилцуулсан юм.

Тухайлбал, Монгол, Японы банкууд хамтран ажиллаж байгааг Японы "Эм Юү Жи" банк ("MUFG”) болон “Чиба”, Монголын Худалдаа, хөгжлийн банкны жишээгээр дурдаж байв. “MUFG” банкны хувьд Монголд байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд ESG CAIA төслүүдийг хэрэгжүүлж, ногоон зээл олгох, бонд гаргах, андеррайтинг хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх, алтны экспортыг санхүүжүүлэх зэргээр ажиллаж, 2013 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан “Самурай” бондод хөрөнгө оруулсныг “MUFG” банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Кикүчи Казүёши танилцуулсан юм.

Харин “Чиба” болон ХХБ-ны хамтын ажиллагааны тухайд 2017 онд Токио хот дахь ХХБ-ны төлөөлөгчийн газраас эхэлжээ. Тодруулбал, Японы “Чиба” банк нь Чиба мужийн хамгийн том банк, тухайн муждаа үйл ажиллагаа явуулдаг ч Японы бизнес эрхлэгчдийг Монголд урьж аваачдаг үйл ажиллагаа явуулж Монгол Улстай анхлан холбогджээ.

ХХБ-ны хувьд Монголдоо мөн томоохонд орох банк. Монгол-Японы хоорон дахь гадаад худалдааг улам эрчимжүүлж бэхжүүлэхийн төлөө хоёр банк хоорондын харилцагчдыг мэдээллийг солилцох зэргээр хамтран ажиллаж байна.

“Монгол-Японы хамтын ажиллагаа-50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Хөшигийн Хөндий дэх олон улсын нисэх буудлын талаар “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такэфуми танилцуулж мэдээлсэн юм. 

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын талын 49 хувь, Японы талын 51 хувийн оролцоотойгоор байгуулагдсан. Тодруулбал, тус компанийн 49 хувийг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК эзэмшдэг бол Япон улсын 51 хувийг Японы “Мицүбиши” корпорац, олон улсын “Нарита” нисэх буудал, “Жатко” (Japan Airport terminal Co.Ltd), “Жалукс” (JALUX.Ltd) компаниулын хөрөнгө оруулалттай тусгай зориулалтын компани болох “Жапан эйрпорт менежмент” компани эзэмшиж байна.

 

“Бид нисэх буудлын аюулгүй, тав тухтай байдлыг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын агаарын үүд хаалга болох нисэх буудлын үйл ажиллагаа, чадамжийг сайжруулж, үйлчлүүлэгч нартаа чанартай үйлчилгээг үзүүлснээр нисэх буудлын үнэ цэнийг дээшлүүлж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьдог” хэмээн “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такэфуми онцолж байна.

Тэрбээр, иргэний нисэхийн салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулахдаа, дэлхийн дахинд нисэхийн салбар цар тахлын нөхцөл байдлын улмаас асар их алдагдал хүлээж ирсэн нь одоо ч бүрэн сэргээгүй байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын судалгаагаар 2019 онтой харьцуулахад 2020 онд зорчигчдын тоо 60 хувиар буурсан, ойролцоогоор 372 тэрбум ам.долларын алдагдалтай, 2021 онд зорчигчийн тоо 49 хувиар буурсан, ойролцоогоор 324 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ.

Монгол Улсын иргэний агаарын тээврийн статистик мэдээнээс харахад 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт 323.470 зорчигч тээвэрлэсэн нь 2019 оны мөн үеьэй харьцуулахад 51.7 хувиар буурсан. 2021 онд Монгол Улс цар тахлаас үүдэн хилээ хааж, хатуу хөл хорио тогтоож байсантай холбоотойгоор зорчигчийн тоо хамгийн бага байв.

Зорчигчдын тоо ковидын өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин буурсан боловч 2020 онтой харьцуулахад 8 хувиар өсөж, өнгөрсөн жилтэй харьцуулахад 5 дахин нэмэгдсэн нь улс орнууд хилээ нээж, нислэгийн тоо нэмэгдсэнээс гадна шинэ нисэх буудал 4Е ангиллын буюу В747-400, В777, А330/340 зэрэг багтаамж сайтай, агаарын том хөлгүүдийш хүлээн авах боломжтой болсонтой мөн холбоотойг онцолж байлаа.

Тодруулга: “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголбанк, ГХЯ, ЭЗХЯ, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан юм. Энэ онд тохиож буй Монгол Улс Япон улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан бага хуралд эдийн засаг, банк санхүү, гадаад харилцаа, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбар салбарын бодлого тодорхойлогч, бизнесийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл болсон мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл тавьсан юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, салбарын сайдын албан тушаал хашиж байсан хүндэт зочид оролцож, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаа 2015 онд Эдийн засгийн түншлэлийн хөтөлбөр (EPA)-ийг баталснаар шинэ түвшинд хүрснийг хуралд оролцогч нар онцолж байлаа. Цар тахлын үеийн нөлөөг эс тооцвол хоёр орны гадаад худалдаа, санхүүгийн урсгал тогтмол нэмэгдэж, цаашид ч өргөжин тэлэх орон зай, боломж бий гэдгийг хурлын оролцогчид тэмдэглэж байлаа.

Эх сурвалж: Монгол, Японы банкууд хамтран ажиллаж байна (montsame.mn)