"Хэрэглэгчдэд үйлчлэх зөвлөл"-ийн тайлангийн хурал боллоо.

A- A A+

“НУБИЭ” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх зөвлөл”-ийн тайлангийн хурал 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус хурлаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зорчигч үйлчлүүлэгчдэд тулгамдсан асуудал, хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн “Чингис хаан” ОУНБ-ыг олон улсын Скайтракс байгууллагаас “Гурван од” зэрэглэл авах зорилтын хүрээнд хийгдэж буй ажлууд, хийгдэх ажлын төлөвлөгөө, ачаа тээшний туузан дамжуургын өргөтгөлийн ажил, аюулгүй байдлын үзлэгийн шалгалт, цахим гарц зэрэг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх түвшинд санал солилцлоо.

“НУБИЭ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми хурлыг нээж, хамтран ажиллагч төрийн хяналтын байгууллагууд болон агаарын тээвэрлэгч компаниудын удирдлага, төлөөллүүдэд хандаж хамтын ажиллагаанд талархал илэрхийлээд, “Чингис хаан ОУНБ-ын хэрэглэгчийн үйлчилгээний чанар нь“НУБИЭ” ХХК-ийн үйл ажиллагаагаас зөвхөн хамаарах бус хамтран ажиллагч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниудын олон талт хамтын ажиллагааны үр дүн юм. Цаашид нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй нийт байгууллагуудын үйлчилгээний чанар, ажилтнуудын харилцаа, хандлагыг сайжруулах тал дээр илүү анхаарч, авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд саналаа тусган, харилцан уялдаа холбоотой ажиллаж,тулгарч буй асуудлыг тухай бүр хэлэлцэн хамтран шийдвэрлэх замаар бид үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх боломжтой” гэдгийг онцолж хэллээ.