"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ROUTES ASIA 2023 АРГА ХЭМЖЭЭНД ШИЛДЭГ НИСЭХ БУУДАЛД НЭР ДЭВШЛЭЭ.

A- A A+

ROUTES ASIA 2023 нь Ази Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн шинэ чиглэл, урсгалыг хөгжүүлэх цор ганц арга хэмжээ бөгөөд агаарын тээврийн компаниуд, нисэх буудлууд, аялал жуулчлалын агентлагууд болон нисэхийн салбарын бүхий л оролцогч талуудын шилдэг арга туршлагыг хуваалцах, хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, бүс нутгийн агаарын тээврийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох томоохон арга хэмжээ юм.

Энэ удаагийн Routes Asia 2023 арга хэмжээ Тайландын Чианг Май хотод 2023 оны 2 дугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба тус арга хэмжээнд 104 агаарын тээвэрлэгч, 106 нисэх буудал, 16 аялал жуулчлалын агентлагууд зэрэг 600 гаруй байгууллагууд оролцлоо.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба  ROUTES ASIA 2023 арга хэмжээнд энэ жил анх удаа оролцож байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Ази Номхон далайн бүс нутгийн  чиглэлд нислэгийн тоо болон зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор агаарын тээврийн компаниудтай уулзалт хийлээ.

Түүнчлэн ROUTES ASIA 2023 арга хэмжээнд жилийн зорчигч нь  5 сая хүртэлх, 5-10 сая хүртэлх, 10 саяас дээш гэсэн 3 ангиллаар шилдэг нисэх буудлуудыг шалгаруулдаг ба “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь анх удаа 5 сая хүртэлх зорчигчтой нисэх буудлын ангилалд нэр дэвшин, эхний 4 нисэх буудлын нэгээр шалгарч амжилттай оролцлоо.

Тус арга хэмжээ нь 2003 оноос эхлэн Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх жил ROUTES ASIA 2024 арга хэмжээ Малайз улсын Лангкави хотод зохион байгуулагдахаар болсон байна.