Монгол Улсын Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой ажилтай танилцлаа.

A- A A+
Монгол Улсын Eрөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой ажилтай танилцлаа.

“Нью Улаанбаатар Интэрнэйшнл Эйрпорт” ХХК-ийн “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун–Эрдэнэ, Зам, тээвэр хөгжлийн сайд  Л.Халтар, Барилга, хот байгуулалтын яамны сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Кобаяши Хироюки, ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал, “Хөшигийн Хөндий Нисэх Онгоцны Буудал” ТӨХХК-ний гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав, “МИАТ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал  Д.Баттөр, ГХЯ-ны Ази номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос болон бусад холбогдох албаны удирдлагууд өнгөрөгч Бямба гарагт 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр "Чингис Хаан" Олон Улсын нисэх буудалд хүрэлцэн ирж Нислэг хөдөлгөөн үйлчилгээний барилга, Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга буюу Ангар, Нэг цэгийн үйлчилгээний барилга болон нисэх буудлын Зорчигч үйлчилгээний барилгатай танилцлаа.

“НУБИЭ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Като Такэо холбогдох газрын дарга нарын хамтаар “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын Зорчигч үйлчилгээний барилга байгууламжийг танилцуулан тус барилга байгууламж дахь түрээслэгчид, бизнес лонж болон Ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг бэлтгэл ажлуудыг танилцуулав. Түүнчлэн бусад холбогдох бэлтгэл ажлын явц, нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө шийдвэрлэх шаардлагатай байгаа гол асуудлуудын талаар танилцуулга хийлээ.

Тухайлбал “НУБИЭ” ХХК нь “Чингис Хаан” Олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд аюулгүй байдлыг ханган, тогтвортой үйл ажиллагааг явуулах үүднээс “МИАТ” (Монгол Иргэний Агаарын Тээвэр) ТӨХК болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран бүрэн хэмжээний ORAT (Үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгах туршилт, тохируулгын ажиллагаа) туршилтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Цаашид нисэх буудлын үйл ажиллагааг аюулгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан тогтвортой явуулахад анхаарч ажиллахаа гүйцэтгэх захирал Като Такэо илэрхийллээ. Тэрбээр шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэн ажиллуулахад тулгарч буй бэрхшээл болон хүндрэлтэй байгаа асуудлуудыг Ерөнхий Сайдад тайлбарлалаа.

Түүнчлэн "НУБИЭ” ХХК нь Монгол Улсын Засгийн Газар болон холбогдох салбарын яамд, төрийн байгууллагуудтай бодлогын асуудлууд болох хилийг нээх, олон улсын хуваарьт нислэгүүдийг дахин эхлүүлэх болон Ковид-19 цар тахалтай холбоотойгоор тусгаарлалт буюу карентины шаардлагатай бодлогыг хэрэгжилт болон нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг амжилттай явуулахад хамтран ажиллах бөгөөд иргэний нисэхийн салбартай салшгүй холбоотой Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаанууд дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Гүйцэтгэх захирал Като Такэо илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий Сайд  Л.Оюун–Эрдэнэ Хөшигийн Хөндий дахь шинээр баригдах “Аэро Сити” төсөл болон дэд бүтцийн ажлуудыг дурдсан бөгөөд 2021 оны 5-р сарын 1-ээс агаарын хилийг нээж “НУБИЭ” ХХК-ийн зүгээс танилцуулагдсан асуудлуудыг Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар оруулан шийдвэрлэх боломжтой ажлуудыг нэн даруй шийдвэрлэхээ илэрхийлсэн.

Шинэ нисэх буудал нээгдсэнээр нисэх буудлын аэродромын ашиглалт одоогийн байгаа 73 хувиас 98 хувьд хүрэх бөгөөд агаарын тээврийн дамжин өнгөрөлт нэмэгдэж аюулгүй ажиллагааны хангалт сайжран олон улсын төвшинд үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэнэ.